“Walmart” сүлжээ дэлгүүр Д.Трампын эсрэг тэмцэлд нэгдсэн үү?
Анд нөхдийн мэдээ
2025-06-13
Жижиглэн худалдааны дэлхийн хамгийн том “Walmart” сүлжээг үүсгэн байгуулагч Сэм Уолтоны бэр Кристи Уолтон ерөнхийлөгч Дональд Трампыг эсэргүүцсэн хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ажээ. Түүний энэ үйлдлийг “Walmart” компанитай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн ч Д.Трампыг дэмжигч бүлэглэлүүд “Walmart” сүлжээг бойкотлохыг уриалж байна. Өнгөрсөн 8-ны өдөр “The New York Times” сонинд Д.Трампын эсрэг агуулгатай бүтэн нүүр сурталчилгаа нийтлэгдсэн бөгөөд үүний төлбөрийг Кристи Уолтон төлсөн ажээ. Сурталчилгаа нь 14-ний өдөр АНУ даяар болох "No Kings" эсэргүүцлийн жагсаалд нэгдэхийг уриалсан утга агуулсан байна. Кристи Уолтон бол “Walmart” сүлжээг үүсгэн байгуулагч Сэм Уолтоны хоёр дахь хүү Жон Уолтоны эхнэр юм. Нөхрөө 2005 онд онгоцны ослоор өөд болсны дараа багагүй хөрөнгө өвлөн авсан түүнийг “Bloomberg” агентлагаас гаргасан тэрбумтнуудын индексээр 18.8 тэрбум долларын хөрөнгөтэй болохыг мэдээлжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард мөн тус сонинд "Бид түрэмгийлэл, дарангуйлагчдын эсрэг зогсоно" гэсэн уриатай Д.Трампыг шүүмжилсэн сурталчилгаа нийлтүүлж байв. Дээрх сурталчилгаа нийтлэгдсэн даруйд Д.Трампыг дэмжигч бүлгүүд түүнийг хатуу шүүмжилж “Walmart” дэлгүүрээс эд зүйл худалдан авахгүй байхыг хүмүүст уриалсан байна. Мөн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч "Зүүний үзэлтэй тэрбумтан хөрөнгөө олон нийтийг мунхруулах зорилгоор шатааж байх шиг байна" гэж ёжтойгоор мэдэгджээ. Харин “Walmart” сүлжээний хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдэл гаргаж, энэ явдал уг байгууллагатай ямар ч холбоогүй болохыг тайлбарласан ч Д.Трампыг дэмжигчид энэ тайлбарыг сонсохыг хүсэхгүй байна. АНУ-д 460 орчим дэлгүүр ажиллуулдаг “Walmart” Канад, Хятад, Энэтхэг, Мексик, Вьетнам зэрэг Д.Трампын тарифт хамрагдсан хэд хэдэн орноос бараа бүтээгдэхүүн импортолдог юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.